2018 онд болсон улс төрийн онцлох үйл явдлуудаас хүргэж байна.


1. МАХН II Их хурлаа хийж, Н.Энхбаярыг намын даргаар улираан сонголоо

МАХН II дугаар их хурлаа хийж, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг намын даргаар улираан сонголоо.. Их хуралд тус намын 1044 төлөөлөгч оролцсон бөгөөд Бага хурлаас намын даргад нэр дэвшүүлсэн Н.Энхбаярыг 100 хувийн саналаар намын дарга болгов. 

2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд намынхаа Их хурлыг хийж, тус хуралд оролцсон төлөөлөгчид О.Баасанхүүг намын даргаараа сонгосон ч, МАХН-ын бусад гишүүд тус Их хурлыг хүлээн зөвшөөрөөлгүй, дахин Их хурлаа хийсэн юм.


2. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорьсон ч, батлан даалтад гаргав

2018.06.08 "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ, "Дубайн гэрээ"-тэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 11-нд тавьсан. 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хориод байсан. Энэ хугацаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын биеийн байдал хүндэрч, Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжин эмчлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлснийг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг гаргасан юм.


3. Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулах хүмүүсийн нэрийг УИХ-д хүргүүллээ

2018.05.03 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь зүйтэй гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ны хооронд АТГ-ын дарга, дэд даргаар хэнийг томилуулах тухай бүх нийтийн санал асуулгыг албан ёсны сайтаараа явуулсан. 

Тус санал асуулгаар хамгийн олон санал авсан Даваанямын Даваа-Очирыг АТГ-ын даргаар, Жанжаагийн Батсайханыг АТГ-ын дэд даргаар тус тус томилуулах саналаа 2018 оны 5 дугаар саырн 03-нд УИХ-д хүргүүлсэн юм.


4. Д.Гантулгыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлж, Д.Муратад холбогдох хэргийг цагаатгалаа

2018.06.14 Тус өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувийн саналаар бүрэн эрхээс нь чөлөөлсөн юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэгт нэр холбогдсон учраас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшлогдсон бөгөөд  хамгийн сүүлд буюу энэ оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хурал “нотлох баримт хангалттай бус” гэсэн шалтгаанаар хойшлогдоод буй юм.

2018.08.08 Д.Муратыг Б.Бахытгүл гэх эмэгтэйн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байсан ч шүүх хурлаар түүнд холбогдох хэргийг цагаатгасан юм.

Энэ оны 6 дугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхэд хориг тавьсны дагуу УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 79.5 хувийн саналаар Д.Муратыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. Гэвч шүүх хурлаар түүнд холбогдох хэргийг цагаатгасан учир одоо тэрээр УИХ-ын бүрэн эрх эдэлж буй юм.


5. Зам, тээврийн хөгжлийн яамны гадна хүн амины хэрэг гарч, сайд, дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2018.08.09 Тус өдрийн 22.00 цагийн үед Зам, тээврийн хөгжлийн яамны гадна тус яамны газрын дарга амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн тус сарын 12-ны өдөр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Айраг суманд галт тэрэг осолдсон. 

Эдгээр асуудалтай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгснийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатар, дэд сайдаар Т.Халтар нарыг томилоод буй юм.


6. Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь илрэв

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд болох УИХ, Засгийн газрын гишүүд зээл авсан нь шат дараалан илэрч байна. Тус сангаас зээл авсан нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрөө уучлалт гуйсны дагуу түүнийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлсөн. 

УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Наранхүү нарын хамаарал бүхий этгээдүүд нь тус сангаас зээл авсан учир тэд иргэдээс уучлал гуйж, зээлээ хугацаанаас нь өмнө төлж буйгаа мэдэгдсэн. Мөн  ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын эхнэр нь ЖДҮ-ийн зээл авсан тул сайдын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөөд байна. Тэдгээрээс гадна хэд хэдэн хүнийг ЖДҮ-ийн зээл авсан гэх мэдээлэл байгаа ч зарим нь гүтгэлэг хэмээн тайлбайрлаж буй юм.


7. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцрохыг шаардав

2018.11.12 МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт холбогдсог, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг намынхаа бүлгийг 2 хуваасан, Хотын дарга С.Батболдыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой ажил хийгээгүй гэж үзэн, тэднийг албан тушаалаасаа огцрохыг шаардав. 

Ингэснээр МАН-ын бүлгийн хуралдаанаар олонхын саналаар Д.Хаянхярвааг огцруулж, Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар томилсон. Харин хотын дарга С.Батболд намайг огцруулах үндэслэл миний хийсэн ажилтай нийцэхгүй байна хэмээн өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Ингэснээр энэ 12 дугаар сарын 10-ны өдрөөс С.Батболдыг өөрийнх нь хүсэлтээр хотын даргаас чөлөөлөв.


8. УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-д өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцохгүй хамгаалж байна хэмээн үзэж, Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Уг санаачилгыг дэмжсэн УИХ-ын 27 гишүүн өнгөрсөн 11 дүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах бичигт гарын зуран, УИХ-ын дарга М.Энхболдод гардуулж өгсөн. 

Ингэснээр Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг 11 дүгээр сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 73 гишүүний 40 нь буюу 54.8 хувь Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.


9. Ардчилсан нам Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хасав

УИХ дахт Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй гэсэн байр суурьт санал нэгдэж, чуулганы хуралдаан дээр намын байр суурийг гишүүд зөрчихгүй байхыг даалгасан. Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад тус намын гишүүд болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нар Ерөнхий сайдыг огцруулахыг эсэргүүцэж санал өгсөн юм. 

Ингэснээр Ардчилсан намын Дүрмийн зөвлөл хуралдаж дээрх 3 гишүүнийг намын дүрэм зөрчсөн гэж үзэсний дагуу Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг 4 жилийн хугацаатай намаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаатай хассан юм.


10. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, УИХ-ыг бойкотлож байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон учир УИХ-ын даргын албыг хаших эрхгүй хэмээн үзэж огцрохыг шаардаад буй юм.  Уг асуудлыг дэмжин УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөх хүртэл УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас 7 удаа хойшлогдож, хэлэлцэх ёстой асуудлуудаа шийдвэрлэж чадалгүй сар гарны хугацаа өнгөрөөд байна. Ингэснээр 2018 оны сүүлийн чуулганаа ч хуралдуулж чадаагүй юм. 

Харин УИХ-ын дарга М.Энхболд уг асуудалд "Би хууль зөрчөөгүй, тиймээс цаг нь болохоор УИХ-ын даргын албан тушаалаа өгнө. Одоогоор өгөх боломжгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт дээрх гишүүдийн санаачилгаар 25 мянга гаруй иргэн төв талбайд цуглан, УИХ-ын даргыг огцрохыг шаардсан юм.