Бид “Peak today” ярилцлагын булангаараа  нийгмийн түүчээ болсон эрхмүүдийн дуу хоолойг хүргэж ирлээ. Улс төрч, эдийн засагчдаас эхлээд эгэл хүний түүхүүд энд бий. 

Энэ удаа 2018 онд хамгийн их уншигдсан ярилцлагуудын хэсгээс ишлэн хүргэж байна.

Д.Нямсамбуу: Зүг мөр гаргахгүй бол бүх зүйл балран доройтно гэдэгт би итгэдэггүй

/“Жавзандамба хутагт” төвийн багш, гавж/

Буддын шашинд зөв явдлыг дэмжиж, зөв байхыг зохицуулдаг далдын хүч байдаггүй.Гэтэл зүгээр л нэг далдын хүч Х, У намайг аварчихна гэсэн явцуу итгэл үнэмшилтэй холих нь элбэг байна.

Бурханы шашинд хувцасаа ядруухан хүнд өгчихвөл хийморь доройтно, хүнд өглөг өгөхдөө шидэж өгөх ёстой, гараараа өгчихвөл буян нь арилчихна гэсэн ойлголт огт байхгүй. Бусдад хэрэгтэй зүйлийг шатаана гэдэг дэндүү аминч үзэл юм. Бүр  яаж ч тэврэлдээд нэг нь нөгөөдөө буян, нүглээ дамжуулах боломжгүй гэж бурханы шашинд үздэг. Буян нүгэл гэдэг бид нар хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой л гэсэн ойлголт. Тэр нь хэзээ ч баларч арилахгүй, хэзээ нэгэн цагт өөрт нь заавал ирэх зүйл.


Б.Одсүрэн: Улс орны хөгжил бизнесээс биш төрийг удирдаж яваа хүнээс шууд хамаардаг

/MDG” группын үүсгэн байгуулагч Бадарчийн Одсүрэн/
Ард түмэн эдийн засаг, улстөрийн том бүлэглэлийн ард нуугдсан зүйлийн араас хөөцөлдөж чаддаггүй. 500 тэрбумын хувьд нэхэл хатуутайгаар хийхгүй бол хувааж идэх эрсдэл өндөр. Миний сонссоноор Монгол банкны ерөнхийлөгч дажгүй, боломжийн гаргалгаа хэлсэн. Банкуудыг дэмжих шийдвэр гаргах болсон нөхцөл нь тодорхой. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт шахагдсан. Уг нь мөнгө өгөх гэж байгаа бол банкны хувийг худалдаж авах гарц бий. Гэхдээ энэ удаагийн шийдвэр бидний бодож байгаа шиг өглөө, авлаа гэсэн амар процесс биш л дээ. Цаанаа хуулийн олон гаргалгаатай процесс. Асуудал банкийг гоёор тайлбарлаад сурчихсанд байгаа юм. Бид банкийг системийн банк гэж ярьдаг. Яг нарийндаа хувийн аж ахуйн нэгж шүү дээ. Системийн банк гэдэг огт өөр ойлголт. Хятадад гэхэд зөвхөн хөдөө аж ахуйн төслүүдийг санхүүжүүлдэг, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилготой Хөдөө аж ахуйн банк гэж бий. Энэ банк гэхэд хөдөө аж ахуйн салбарын гинжин холбоогоор ажилладаг бүх компанид зээл өгөх үүрэг хүлээсэн газар. Хувийнхан ашиг хөөдөг бол системийн банк заавал ашигтай ажиллах албагүй. Мэдээж салбараа улам хөгжүүлэхийн тулд ашигтай ажиллах ёстой. Монголын өнөөдрийг харахаар компаниуд нь алдагдалтай ажиллаад, банк нь илүү томроод байна


Да.Ганболд: Дундаж давхаргагүй учраас дуучид, тамирчид, уяачид дээшээ зүтгээд байна

/“Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд/

Гадны хөрөнгөгүйгээр Монгол улс огцом хөдөлгөөн хийж чадахгүй.  Оюу толгой хамгийн том нотолгоо. Социализмын үед Эрдэнэт том нотолгоо байсан.  ЗХУ-ын асар их хөрөнгө оруулалт тэгж л орж ирсэн. Монголын  газар дор байсан протенциалыг хойд хөршийн мөнгөөр  бодит бололцоо болгосон юм. Гуравхан сая монголчуудын  бүтээж босгосон мөнгө Оюутолгой,  Таван толгойн цахилгаан станц шиг том төслүүдийг хөдөлгөх хэмжээнд хүрээгүй. Харин хүн амын маань  дийлэнх  та бид хоёрын түрүүн ярьсан хүчтэй дундаж давхарга руу шилжиж, бүгдээрээ хэлтэй устай, боловсролтой болж, дээшээ төр рүү тэмүүлэх биш чаддаг юман дээрээ удаан  ажиллая гэж бодсон хүмүүс зонхилбол гадны хөрөнгөний хэрэгцээ зугуухан багасч эхэлнэ. Тэгвэл дотроо олон талаараа  зугуухан хөгжөөд явж болно. Энийг чинь баруунтны үзэл гээд байгаа юм. 


Хэрвээ бид хайрцаглагдаагүй бас цэгцтэй сэтгэлгээтэй бол юун Эйнштейн, Стивен Хокинг...

/Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхан/

Монгол орон 4 улиралтай учраас бид ямар ч гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байдаг. Монголчууд маш богино хугацаанд шийдвэр гаргаж чадна, задгай сэтгэх чадвартай. Задгай гэдэг нь чөлөөтэй, хайрцаглагдаагүй гэсэн үг. Цэгцгүй, замбараагүй  гэдгээс тусдаа ойлголт шүү. Энэ давуу талаа алдахгүйгээр хөгжих чухал. Би монгол хүний энэ давуу тал дээр нэмээд сэтгэлгээг нь цэгцтэй болгочих юм сан гэж мөрөөддөг. Цэгцтэй, хайрцаглагдаагүй сэтгэлгээтэй бол юун Эйнштэйн, Стивен Хокинг болох байлгүй дээ. Эйнштэйн хүртэл өөрөө “Шинжлэх ухааныг танин мэдэх, амжилт гаргахад ухаантай байх нь чухал биш. Хийсвэрлэн бодох нь чухал” гэсэн байдаг. Хийсвэрлэн бодно гэдэг танин мэдэхүйн олон процессийг бүгдийг нь багтаагаад цаашаа виртуал орчинд чөлөөтэй ургуулан бодож задгай сэтгэх хэлбэр. Энэ бол гайхалтай ур чадвар. Европ, Америк , Хятад зэрэг суурин амьдралд урт хугацаанд дасан зохицож амьдарсан улс үндэстэнд төдийлэн байдаггүй чанар.  


Д.Бум-Очир: Угсаатны ялгамжийг хэт туйлшруулах нь үндэстнээ устгах аюултай

/Кэмбрижийн их сургуулийн антропологийн доктор, антропологич, МУИС-ийн багш Д.Бум-Очир/

Хятад 56 үндэстэнтэй улс. Гэтэл “дундадын үндэстэн” гэсэн нэг үндэстэн бүтээх үйл хэрэг олон жил үргэлжилж байгаа. Энэ үйл хэрэгт хамгийн их төвөг болж байгаа зүйл бол тэр 56 чинь өөрсдөө үндэстэн байгаад явдал юм. Тусдаа 56 үндэстэн байх нь салан тусгаарлах эрсдэлтэй тул түүнийг 56 үндэстэн биш нэг үндэстэн болгох нь аюулгүй. Гэтэл бид Монгол үндэстэнг задлаад дөрвөд, баяд, буриад олон угсаатан ястан болгон хуваагаад байна. Энэ хуваагдал даамжирч зарим Монгол биш тусдаа үндэстэн гэж өөрсдийгөө хэлэх тохиолдол ч гарсан. Тухайлбал, Буриадад өөрсдийгөө Монгол биш тусдаа буриад гэдэг үндэстэн гэсэн итгэл үнэмшил хүчтэй явж байна.Тэгвэл манай Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Сэлэнгийн буриадууд яах ёстой вэ. 

Монгол биш буриад үндэстэн болж таарах уу? Хэл соёл, түүх, генетикийн хувьд буриадууд Монгол угсаатан гэдэг нь тодорхой шүү дээ. Гэтэл энэ баримт цагаа тулахаар чухал биш болж харин Орос дахь буриадуудууд өөрсдийгөө Монгол бишээ гээд сууж байна. Тэр цус нь тэгээд та нар монгол гэдгийг нь ойлгуулахгүй байгаа биз дээ. Үнэндээ ингэж Монгол үндэстэнг салган бутаргах ажлыг Оросын коммунистууд хангалттай хийсэн учраас Оросын буриад, халимагууд мөн энэ үзэлд хүчтэй өртсөн Киргизстанд байдаг сарт халимагууд ч өөрсдийгөө Монголтой төрөл гарал нэгтэй ч Монгол үндэстэн биш, бие даасан тусдаа үндэстэн гэж үзэх үзэл бий болсон байдаг. Олон жижиг угсаатнууд байлгаад, тэдгээрийн ашиг сонирхол нь үндэсний онцлогоосоо чухал болоод хувирчихвал нэг улс байх мөн чанар нь мэдээж алдагдана. 


Г.Энхболор: Эмэгтэйчүүд өөрийнхөө таалагддаг дүрээр л амьдрах ёстой

/CoIn компанийн гүйцэтгэх захирал Г.Энхболор/

Эмэгтэйчүүд өөрсдийнхөө мөн чанарыг эрэгтэйчүүдтэй харьцуулаад буруудаад байдаг юм шиг санагддаг. Эмэгтэйчүүд бид нарын арга чадвар өөр. Өөр ч байх ёстой. Ажлын байрны шалгуурыг уншсан эмэгтэй хүн 85-аас дээш хувийг хангасан бол өргөдлөө явуулдаг. Харин эрэгтэйчүүд зарыг уншаад 50 хувийг тэнцэж байсан ч өөртөө итгэлтэй явуулдаг гэхээр ялгаа байгаа биз. Үүнийг өөрчлөхийн тулд “тархиныхаа түгжээ”-г л мултлах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, өөрийн давуу талаа маш сайн мэддэг болох гэх мэт аргууд зөндөө бий. 

Мундаг бүсгүйчүүд байдаг ч өөрсдийгөө энтрепренер гэж хүлээн авах нь цөөн юм. Магадгүй үүнд олон зүйл нөлөөлдөг. Хичнээн өөрийгөө хөгжүүлье гэж бодсон ч амьдрал ахуй гээд эмэгтэй хүнийх нь хувьд хойноос нь чангаах зүйл дэндүү олон байдгаас өөртөө эргэлздэг. Эрчүүдтэй энэ зэрэгцсэн албан тушаал хашдаг эмэгтэйчүүд хүртэл өөр би талбарт ажиллах хүн мөн үү, миний чадвар хүрэх үү гэсэн асуултыг өөртөө тавьсаар л байдаг. Яг үнэндээ эмэгтэйчүүд үүнээс ч илүүг хийж чадна.


П.Баатар: Зөв хоолловол монголчууд урт насална

/Дээд эрүүл мэндийн “Оточ Одь” эмнэлгийг үүсгэн байгуулагч, Хүний гавьяат эмч/

Эрт дээр үед дархлааны эм, тариа гэж байсангүй. Хоол хүнсээрээ л дархлаагаа сайжруулж ирсэн ард түмэн шүү дээ. “Монголын нууц товчоо”-нд гэхэд Өүлэн эх зэрлэг жимс, халгай, таана, гогод, мангир түүж сөдөн гичгэний үндэс малтан өнчин хүүхдүүдээ өсгөсөн талаар бичсэн байдаг.  Гогод, мангир бол сонгины төрлийн олон наст ургамал учраас хоолыг шингээж хорыг тайлах эрдэмтэй. Сонгино өөрөө элдэв нян вирусийг дардаг учраас халдварт өвчин тусдаггүй байж. Бас зуны цагт монголчууд улаалзгана, мойл зэрэг зэрлэг жимс идэж дархлаагаа сайжруулдаг байсан. 

Монгол архи, шар тос, хонины мах бол насыг уртасгаж шимжүүлдэг идээ ундаанд орно. Шимжүүлнэ гэдэг нь залуу байлгаж дархлааг сайжруулж байгаа хэрэг. Шар тос бүх өвчин хийг арилгана, нойрыг сайжруулна, ухаан санаа өнгө зүсийг нэмж, бүх сүв, судас шөрмөсийг нээж өгдөг эрдэмтэй.Тийм хэрэгтэй зүйлээ бид тоохгүй хэрэглэхгүй хэрнээ хүний биед хортой маргарин хэрэглэсээр л. Гэтэл хөгжсөн орнууд манай энэ үнэт зүйлийг ойлгож судлаад эхэлчихлээ.


Х.Баянмөнх: Даяарчлалаас сугарч, Монголын гэсэн зүйлээ хадгалж үлдэх дархлаа нь үндэсний бөх

/Зууны манлай монгол бөх, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх/

-Монгол бөх бол монголчуудын олон зуун жилийн бүтээл. Яагаад гэвэл бөх нь Монголын ард түмний эрин зууны түүх, аж амьдралын хэв маяг, ёс заншил, хүсэл мөрөөдөл нь нэвт шингэчихсэн цогц соёл юм. Би үндэсний бөхийн 725 мэхийг судалж ном гаргалаа. Судлаад үзэхээр монголчуудын догшин эмнэг хангал сургадаг, жин тээдэг, хашаа хороогоо барьдаг, мал хуйгаа адгуулдаг, цас зудтай тэмцдэг бүх чанарууд хөдөлгөөний эвслүүд мэхэндээ шингэчихсэн байдаг. Ерөөсөө бөхийг монголчуудын амьдралаас салгаж ойлгох аргагүй юм. Он цагийн түүхийг багтаахдаа бид бичиж биш биеэрээ эзэмшиж шингээсэн. Анх овоо бумба тахьдаг бөөгийн мөргөлийн үед анх барилдаж эхэлсэн байдаг. Үүнээс өмнө бөх хөдөлмөр, ажил амьдралд шингээд явж ирсэн хэрэг.

Ер нь амьд амьтан болгон барилдаж ноцолддог юм шүү дээ. Тарвага зурам, аргаль угалз гээд бүх амьтад ноцолддог. Зарим нь амьдралын тэмцлийн хуулиар өрсөлддөг бол бага амьтад тоглож наадаж ноцолдоно. Баавгайн бамбарууш гэхэд тоглохоороо 4-5 мэх хийчихнэ. Өмсөх, үүрэх,тонгорох мэхийг гаргууд сайн хийдэг шүү.


Б.Наминчимэд: Уран зохиолоос шууд ашиг харах боломжгүй ч хожмоо үнэлэмгүй ихийг өгдөг

/Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд/

Боловсролтой хүний хамгийн гол шинж бол уншдаг л юм. Бусад олон, тухайлбал мастер, докторын зэрэгтэй, соёлтой гэх мэт үзүүлэлтүүд бол төө хойгуурт орно шүү. Хэрвээ ном уншдаггүй л бол та мянган дипломтой байгаад нэмэргүй, боловсролгүйчүүдийн л нэг. Гэхдээ ном уншина гэдэгт зөвхөн өөрийн мэргэжил, салбарын явцуу ном унших төдийгөөр хязгаарлагдахгүй. Уран зохиол, утга зохиолын бүхий л хүрээг хамарна.

Уншдаг хүний гоо сайхны мэдрэмж, сэтгэлгээ ч хөгжинө. Хорвоо ертөнцийг, хүмүүний амьдралын гоо сайхныг сэрж мэдэрнэ гэдэг хүн болсны нэгэн учир шүү дээ. Хувь хүний хөгжил гэдэг диплом, гадаад хэл, алгоритм төдий биш, хамгийн гол нь дотоод соёл, төлөвшил, амьдралын сайн муу, жаргал зовлонг мэдрэх мэдрэмж, хүнийг ойлгох, хайрлах хүндэтгэх чадварт байдаг. Чухам энэ бүхнийг тэжээж тэтгэдэг нэг судас, үндэс нь уран зохиол юм. Товчхондоо ийм.


Д.Ангар: Шуудхан хэлэхэд Монголд банк биш ломбардууд л ажиллаж байна

/“Новел инвестмент” компанийн захирал, эдийн засагч/

27 жил гэдэг аль ч улсын хувьд урт хугацаа. Энэ бол үгээгүй ядуугаас Азийн бар болох хэмжээнд хөгжих хугацаа. Гэтэл Монголын санхүүгийн зах зээл /Монгол банктай холбоотой/ юу болж байна.

Бид дэлхийд зээлийн хүү өндөртэй орнуудын жагсаалтын 3-д орж байна. Энэ бол Монголд төв банк гэдэг интитуци ерөөсөө хөгжөөгүйн илрэл. Зээл гэдэг санхүүгийн бүтээгдэхүүн. Өнөөдрийг хүртэл Монголын арилжааны банкууд зээл гэдэг зүйлийн утга учрыг ойлгоогүй явж байна. Үүний цаана үйлдвэрлэл явагдана, ажлын байр бий болно, хүмүүсийн цалин тавина, борлуулалт хийж байж эцэст нь тэр ашгаасаа зээлийн хүүг төлдөг. Зээлийн 20-30 бүр 40 байгаа нь бизнесийнх нь моделийг гажуудуулчихаад байна. Миний тооцоогоор бол  бизнесийн зээлийн хүүг жилийн 5 эсвэл 10 болгож болно. Хамгийн дээд тал нь 15 байж болох зүйл.  Тэгж байж үйл ажиллагаа явуулаад ард нь зээлээ төлөх чадвартай үлдэн