Хан-Уул дүүрэг, 2-р хорооны 19-р хорооллын автобусны буудал орчмын хавтанг хуулсан байсныг холбогдох албаныхан засварлах үүрэг өгсний дагуу сэргээн зассан ч хангалтгүй хийсэн байсныг дахин чанартай хийх үүрэг өгчээ.

Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шарын дахин барилгажуулах төслийн хүрээнд "Альянс Тех" ХХК ариутгах татуургын шугамын угсралт хийхдээ Барилгачдын талбай, автобусны буудал орчмын хавтанг хуулж, орчны аюулгүй байдлыг алдагдуулж байсныг Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж тус компанид явган замын нөхөн сэргээлтийг хийх заавар зөвлөгөө өгч нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлсэн.

Гэвч дүүрэг нь ажлын гүйцэтгэлд огт хяналтгүй, хайхрамжгүй хандаж автобусны буудал орчим бохирдол ихтэй, шөнө нь иргэн дураараа ТҮЦ-ээ зөөвөрлөж олон тооны хавтанг хагалж цуулсан зэрэг зөрчлүүд гарсан байна. "Альянс Тех" ХХК-ийн хувьд нөхөн сэргээлтийн зардлаа одоог хүртэл байршуулаагүй энэ мэтээр хагас дутуу нөхөн сэргээлтийн ажил хийсээр байна.

Даваа гарагт Хан-Уул дүүргийн Засаг даргад ТҮЦ-ийг зөөвөрлөсөн этгээдэд арга хэмжээ авч нүүлгэх, орчны цэвэр байдлыг хангаж цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, Гүйцэтгэгч байгууллага болох Алианс-Тех ХХК-д нөхөн сэргээлтийг бүрэн гүйцэт чанартай хийж гүйцэтгэх чиглэлээр үүрэг даалгавар өгөхөөр боллоо.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба