Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд улс даяар явагдаж байна. 12:00 цагийн байдлаарх сонгогчдын ирц болон бусад асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ. /Ирцийн мэдээллийг ЭНД дарж уншина уу/

Санал хураалт эхэлснээс хойш нийт 25 дуудлага мэдээлэл ирсэн. Улмаар 11 цаг 30 минутын байдлаар сонгуулийн бүх хэсгийн хороо дээрх санал тоолох төхөөрөмж болон улсын бүртгэлийн техник хэрэгслүүд хэвийн байдалд орсон үргэлжилж байна. Одоогийн байдлаар Завхан аймгаас бусад нутагт цаг агаарын хүндрэлтэй байдал бүртгэгдээгүй гэв.

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгогч саналаа тэмдэглэх заавар, санал авах байрны хаяг байршил, хэсгийн хорооны зарим үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг Сонгуулийн ерөнхий хороо шууд хүлээн авч ажиллаж байна. Мөн сонгогчийн лавлах утас 1800-2800 утсаар тухайн сонгогч хаана очиж саналаа өгөх болон санал авах байрны хаяг байршлын талаар мэдээлэл өгч байгаа. Энэ удаагийн сонгууль нь аймаг нийслэл, сум дүүргийн хэмжээнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх хамгийн ойрын төлөөлөгчөө сонгох сонгууль учир иргэд идэвхтэй оролцож, сонголтоо хийж саналаа өгөхийг уриалж байна" хэмээлээ.