ТЕХРАН. /АР/. Украины зорчигч тээврийн нисэх онгоцыг “санамсаргүйгээр сөнөөсөн” гэж Ираны эрх баригчид мэдэгджээ. Энэ тухай “Associated Press” агентлаг Ираны эрх баригчдын албан ёсны мэдээллээс иш татан саяхан уламжиллаа.

Энэхүү эмгэнэлт явдлын шалтгаан нь “хүний хүчин зүйл” байсныг онцлон тэмдэглэсэн байна.

Украины онгоц осолдсон шалтгаан нь АНУ-ын "балмад явдлын" улмаас үүссэн хямралын үеэр гаргасан "хүний алдаа" байсан гэж Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф мэдэгджээ.

Сануулахад, Өнгөрсөн лхагва гарагийн өглөө 176 зорчигчтой Украины “Boeing 737-800” загварын нисэх онгоц Ираны Техран хотын имам Хомейнийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож, хөлгийн тавцанд байсан бүх хүн амиа алдсан.

Амиа алдсан хүмүүсийн дотор Ираны 82, Канадын 63, Украины 11 /2 зорчигч, 9 нь багийн гишүүд/, Шведийн 10, Афганистаны дөрвөн иргэн, Герман болон Их Британийн гурван иргэн байсныг Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко мэдээлсэн юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг