Дэлхийн 2 дугаар дайны үед Ким Бок Донг гэх эмэгтэйг 14 настай байхад нь үйлдвэрт ажиллуулах нэрийдлээр гэр бүлээс нь салган алс хол Хятад, Хонконг, Индонез, Малайз, Сингапур зэрэг улсад Японы эзэн хааны армид найман жилийн турш секс боол болгон албадан ажиллуулжээ. 

Тэрээр өнгөрсөн гунигт амьдралынхаа талаар 1992 онд анх удаа ярьсан байна. Түүнээс нэг жилийн өмнө Ким Хан Сүүн гэх эмэгтэй Дэлхийн 2 дугаар дайны үед Япончуудын эзлэн түрэмгийллийн үеэр эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн боол болгон тив дамжуулан олон жилийн турш хүчирхийлсэн тухай олон нийтэд өөрийн түүхийг ярьж, хүчирхийлэлд өртсөн бусад хохирогч нарын өмнөөс бэлгийн хүчирхийллийн эсрэг компанит ажлыг эхлүүлжээ.

Хатагтай Ким Бок Донг олон хохирогч эмэгтэйн дуу хоолой болж байсан. 1993 онд НҮБ-ийн Хүний эрхийн хороо түүнийг “нууцлагдсан түүхэнд гэрэл авчрагч” гэсэн бол “үнэнтэй нүүр тулах хүч зориг”-ийг бусад хохирогчдод олгосон хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ фейсбүүк хуудсандаа түүний үйл хэргийг бахархан бичиж байжээ.

Азийн Босс нэртэй Youtube-ийн суваг нь Кимтэй хамгийн сүүлд хийсэн ярилцлагыг нийтэлсэн ба тэд тус видеоны тайлбарыг саяхан ийнхүү шинэчилжээ.

Тус видеоны тайлбарт “Хатагтай Ким Бок Донг 2019 оны нэгдүгээр сарын 28-нд нас баржээ. Энэ ярилцлага нь 92 жил амьдарсан түүний хамгийн сүүлийн ярилцлага гэж болно. Хэдийгээр тэр амьдралынхаа сүүлийн жилүүдийг дайны үеэр хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслахад зориулсан. Гэвч тэрээр Японы засгийн газраас хүсч байсан албан ёсны уучлалтыг хэзээ ч хүлээн аваагүй. Гэсэн ч түүний түүх бусдад тэмцэх хүчийг өгсөөр байх болно” хэмээн бичжээ.

Түүний амьдралын түүхийг дараах дүрс бичлэгээс үзнэ үү.


Эх сурвалж: https://nextshark.com