Монголын уулчдын түүхэнд хар өдрүүд тохиож байна.Тодруулбал Отгонтэнгэр хайрхан руу авирахаар явсан 27 хүнээс 17 нь сураг алдраад гурав хонолоо. Одоогоор аврагчид 14 хүний цогцосыг олоод байна. /Онцгой байдлын газраас шуурхай мэдээлэл хийсээр байна/

АМИА АЛДСАН ЗАЛУУС ХЭН БЭ?

Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний баг Отгонтэнгэр уулыг зорьжээ. Түүний хувьд Монголын ноён оргилуудад гарсан туршлагатай уулчдын нэг юм. Түүний баг гурав хуваагдаж явжээ. Хамгийн сүүлд явсан Саранчимэгээр ахлуулсан багийхнхан цасан нуранги үүссэнийг мэдэж уулнаас буужээ. Тэд Завхан аймгийн онцгой байдлын газарт анх мэдээлсэн байдаг. Сураггүй болсон хүмүүсийн хувьд мэргэжлийн уулчид гэхээсээ илүүтэй уулын аялал сонирхогчид аж. Тухайлбал “Оргил өөд”,  “Хамтдаа алхацгаая”, “Хайрхан”, “DCI hiking”  уулын клубын гишүүд явсан гэх мэдээ байна. Уулчид хад бартаа, ангал багатай тул Бадархундага талаас авирчээ. Харин буухдаа өөр маршрутыг сонгосон гэдгийг ослын голомтод ажилласан хүмүүс мэдээллээ. Одоогоор осолдсон 12 иргэний цогцос 3200-3400 метрийн өндрөөс олджээ. Уг нь уулын спортын стандартад нэг олсонд дээд тал нь 5-6 хүн холбогдож явах ёстой. Гэтэл 20 шахам хүн хоёрхон олсонд хуваагдаж явснаас болж ийнхүү харамсалтайгаар амь насаа алдахад хүрсэн гэх  урьдчилсан дүгнэлт гарчээ. Уулын цас дагтаршиж, хунгарласан учраас аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж ослын газар эрэн хайх ажиллагааг удирдан явуулж байгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэв. Осолтой холбоотойгоор уулчдын гэр бүлийн 100-аад хүн Завхан аймагт очжээ. Мөн тэдний дунд нэг гэр бүлийн хүмүүс хүн яваа гэсэн мэдээ байна.

/Онцгой байдлын газарт сураггүй алга болсон уулчдын ар гэрийнхэн цуглажээ. 18 цаг 30 минут/

ОТГОНТЭНГЭР УУЛАНД ИРИДУМААС ӨӨР УТАС АЖИЛЛАХГҮЙ

Эдгээр залуус цасан нуранги доор амьд үлдэх гэж ямар их зүтгэснийг төсөөлөхөд ч бэрх. Завхан аймгийн онцгой байдлын газрын хэлж байгаагаар Отгонтэнгэр ууланд сансрын иридум утас л барьдаг ажээ. Тэгэхээр цас нурсан ч хэн нэгэн гэмтэж бэртсэн ч тэнд ямар ч авралгүй гэсэн үг. 

Хамгийн харамсмаар зүйл нь тэднийг Отгонтэнгэр хайрхан руу авиралт хийх гэж байхад Завхан аймгийн байгаль хамгаалагч Ш.Батмэнд Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглосон сайдын тушаалыг хэлж танилцуулжээ.  Гэсэн ч тэд уг хоригийг тоолгүй фургон машинтай нэвтэрч цааш авиралтаа хийж эхэлсэн байдаг.

Отгонтэнгэр дархан цаазат уул учраас Завхан аймгийн ИТХ, иргэд мөн шашны байгууллагуудаас ууланд нь гарахад таатай ханддаггүй. Уулын спортын холбоодоос удаа дараа Отгонтэнгэр ууланд авиралт хийх санал хүсэлт тавьсан ч эсэргүүцсэн удаатай. Гэсэн хэдий боловч Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа уулын клубууд Отгонтэнгэр рүү маршрут гарган авирсаар байгаа билээ.

МОНГОЛД ГАРСАН УУЛЫН ОСЛУУД

Үлдсэн хүмүүсийг амьд мэнд олох итгэл өвөртлөн эрлийн баг ажилласаар байна. Энэ бол уулчдын амь эрсэдсэн анхны тохиолдол биш.

1. 2015 онд наадмын өдрүүдээр Алтай таван богд ууланд авиралт хийж байсан таван уулчин осолдож, осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед “Монгол экспедишн” ХХК-ийн  Алтай таван богдод аялуулах зарын дагуу нэгдсэн байдаг. 

2. 2014 оны хоёрдугаар сард Гавьяат тамирчин, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Л.Болдбаатар Алтай Таванбогдын “Малчин” ууланд өвлийн авиралт хийгээд бууж явахдаа амиа хавцал мөргөн амиа алдсан билээ.

3. 1961 оны аравдугаар сард Увс аймгийн Түргэний ууланд авчирч явсан Монголын 10-аад уулчид осолдож, нэг уулчин амиа алдаж байжээ. 

4. 1980-аад оны үед ханан хадны тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан уулчны уяа нь тасарч осолдсон золгүй явдал тохиолдож байсан аж.

ОСОЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?

 Сүүлийн үед ууланд алхах сонирхолтой хүмүүсийн тоо эрс нэмэгдэх хандлагатай болсон. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа клуб 20 орчим бий. Тэд хүсэл сонирхлоороо нэгдэн Монголын томоохон хайрханд гардаг болоод удаж буй. Гэхдээ улсаас тэднийг хамгаалсан, чиглэсэн бодлого үгүйлэгдсээр байна. Гадныхан ууланд гарахаар төлөвлөхдөө заавал сургалтад хамрагдаж, хувийн бэлтгэлээ хангадаг. Харин манайд бол эсрэгээрээ. Өнөөдөр шийдээд маргааш нь ямар ч бэлтгэлгүй явчихдаг нь энэ байдлыг үүсгэж байна. Хоёр жилийн өмнөх Алтай таван богд уулын осолд гэхэд Монголд өдөр ирэнгүүтээ шөнөдөө ууланд авирах гээд гараад явсан гэдэг. 

Ялангуяа өвлийн улиралд Богд уул руу ямар ч уулын хадаасгүй гутал өмсөөд алхаж байгаа хүмүүс зөндөө. Хад мөргөвөл, хазгай гишгэвэл гэмтэх аюул энүүхэнд гэдгийг мэргэжлийнхэн хэлж байлаа. Энэ талаар Гавъяат тамирчин Г.Өсөхбаяр өгсөн ярилцлагандаа  “Ер нь сүүлийн үед фэйсбүүкээр хараад байхад ууланд гарахыг их уриалдаг болж. Гэхдээ ямар ууланд гарах гэж байгаагаа ядаж судлах хэрэгтэй. Мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ядаж л авирах гэж байгаа уулынхаа зүг наанадаж хоёр хоног харж, бүх зүйлээ тооцоолох ёстой шүү дээ. Хэрвээ энэ чигээрээ замбараагүй яваад байвал энэ жагсаалт улам л уртсах болно. Дараагийн ээлжинд би ч байж болно. Хэн ч мэдэхгүй. ” гэж байсан юм. Цаашид энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг ар араасаа болсон ослууд харуулсаар.

УУЛАНД АЯЛАХДАА ЮУ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Ууланд авирах аялал нь адал явдалт аяллын төрөлд багтдаг учраас өндөр эрсдэлтэй, хүч тамир авхаалж самбаа шаарддаг. Тиймээс хэт өндөр настай хүмүүс, хүүхдүүд, зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүст тохиромжгүй. 

Ууланд авирахад доорх зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

1. Аюулгүй байдлыг сайн хангах талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй байх

2. Ууланд авирахад ихээхэн туршлагатай газарчингаар хөтөч хийлгэх.

3. Тусгай зориулалтын зам жимээр аялах

4. Олс бэхэлгээ, зориулалтын хувцас, луужин, гутал цүнх, нүдний шил, гэх мэт зүйлийг сайтар бэлтгэсэн байх /өвлийн улиралд дулаан хувцас, гутал малгай нүдний шил/

5. Хоол хүнс, эм тариаг сайтар бэлтгэх /жишээ нь өндөр ууланд авирахад хүний зүрх судас ба даралтанд өөрчлөлт ордог тул шаардлагатай эм тариаг сайтар бэлтгэж авч явах/ гэх мэт бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй байдаг байна.

УУЛЫН АЯЛЛЫН ДҮРЭМ

1. Хад асга цуулах, цохих хориотой

2. Хог хаягдлыг хаяхгүй байх

3. Хад хясаа, уулын оройд тусгай зориулалтын зам жимээр явах

4. Түлш бэлтгэхэд мод хугалахгүй, унасан мод мөчир түүж бэлтгэх

5. Гал түймэр тавихгүй байх, урьдчилан сэргийлэх

6. Байгаль орчин хариуцсан газраас тусгай зөвшөөрөл авах

7. Ургамалын нөмрөг, ан амьтан зэрэг биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсэгт хор хөнөөл учруулахгүй байх

8. ТХГН-ын тогтоосон хууль дүрмийг зөрчвөл торгох зэрэг дүрэмтэй байдаг байна.