13 настай охиныг хөнөөсөн гэмт этгээдүүдийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж  анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ. Хэрэгтнүүд 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял сонсож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм. 

Шүүгчдэгчдийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Учир нь нэг нь бүх насаар хорих ялаа 15 жил болгохыг хүссэн бол нөгөө нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн шалтгаанаар давж заалдсан юм.

Шүүхийн шийдвэр: Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

М.Амарболд, Д.Жавхлан нарт  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.