УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр  БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн Б.Баярсайхантай уулзаж, мэдээлэл авч, санал солилцлоо. Тэрбээр уулзалтын үеэр хэлэхдээ “Сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинээр барилгажуулах зарим ажлын явц удаашралтай байгаа. Тухайлбал, 11-р хорооны спорт заалны барилгын ажил мөнгө нь тавигдсан хэрнээ ажил нь эхлэхгүй байна. 44, 14-р дүгээр сургуулийн анги, танхим хүрэлцэхгүй байгаа, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг эцэг эхчүүд болон хүүхдүүдэд дарамтгүйгээр хэрхэн шинээр зохион байгуулах вэ, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгүүдэд хэрхэн хамруулах вэ гээд олон асуудлыг ярилцаж хэлэлцэхээр хүрч ирээд байна. Ярилцаж, шахаж шаардаж байж ажлаа урагшлуулж байна” гэсэн юм.

Энэ талаар БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ “Тендер авчихаад ажлаа хийдэггүй компаниуд байна, мөн олон тендерт зэрэг оролцож шалгарчихаад нэгийг нь хийгээд нөгөөг нь орхигдуулдаг компаниуд ч байна. Цаашид төрийн ажлыг гацааж, түмний хүүхдүүдийг хохироогоод байгаа эдгээр компаниудыг эзнийх нь нэртэй хамт олон нийтэд  зарлаж байх болно.” гэв.

БСШУС-ын яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Отгонбаяр “Тендерт нэг компани ялахаар нөгөө компаниуд нь заргалдаж, ШӨХТГ болон шүүхэд гомдол гаргадаг. Энэ маргаан нь сунжирсаар 1.5-2 жил хүртэл үргэлжлэх нь ч бий. Хугацаа алдах тусам инфляцийн түвшинтэй уялдаж, тухайн барилгын зардал өсдөг. Жилийн дараа 800 саяар өссөн тохиолдол ч бий, эцэст нь төр л хохирч үлдддэг” хэмээн тайлбарлалаа.  Үүнээс болж барилгын ажил нь долоон жил үргэлжилж буй сургууль байдаг нь 126 дугаар сургууль аж.  Тус сургуулийн барилгын ажил 9 дүгээр сарын 1 гэхэд дуусгаад, ашиглалтад хүлээлгэж өгнө гэсэн ч одоо хүртэл дуусаагүй, 10 дугаар сарын нэгэн хүртэл хойшлогдчихсон байгаа юм.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан БСШУСЯ-нд энэхүү хүсэлтийг гаргажээ.