Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өнгөрсөн бямба гараг буюу 9 дүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн. Харин өнөөдөр албан ёсоор хичээлийн хуваарийн дагуу хичээллэж эхлэх учиртай. 

Гэвч нийслэлийн хэмжээнд өнөөдөр 12 сургууль ажил хаялт зарлан, сурагчидаа хүлээж аваагүй байна.

Тэдгээр сургуулийн багш нар цалин бага, цалингийн нэмэгдлийн хэмжээ хоёрын хооронд байна хэмээн үзэж ажил хаялт зарлаж буй юм. 

Ажил хаясан 12 сургууль

Баянгол дүүргийн:

93 дугаар сургууль, "Эрдмийн өргөө" цогцолбор

Баянзүрх дүүргийн:

79, 84, 97,102, 120 дугаар сургууль "Амгалан" цогцолбор

Хан-Уул дүүргийн:

26, 34, 41, 118 дугаар сургуулиуд тус тус ажил хаялт зарлажээ.

Өнгөрсөн сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс эхлэн нэмэх шийдвэр гаргасан. Үүн дотор багш нарын цалинг 8-12.5 хувиар нэмэхээр болоод буй юм. Тус шийдвэр гарсны дараагаар Багшийн цалин нэмэх түр хорооноос мэдээлэл хийж, цалингийн нэмэгдэл бага байгаа учир цалин нэмэх тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн. Мөн үүний дараа буюу өнгөрсөн баасан гарагт Багш нарын үйлдвэрчний байгууллагын төлөөллүүд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нартай уулзан, зөвшилцлийн ширээнд сууж ажил хаялтаа хойшлуулахаар тохиролцоод байсан юм.

Гэвч дээрх ажил хаяж буй сургуулиуд өнгөрсөн амралтын өдрүүдэд сурагчдынхаа эцэг эх рүү ажил хаях тул сурагчдаа хүлээн авахгүй гэсэн утга бүхийн мэссэж бичсэнээр өнөөдөр ажил хаяж буй аж.

Багш нар ажил хаяж буйтай холбоотойгоор өнөөдөр 14.00 цагаас Монголын Үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийхээр зарлаад байна.