118 хүүхэд үрчлэн авахад хэдэн сая юань зарцуулсан гэдгээрээ олонд танигдсан бүсгүйг Хятадын Хэбэй мужийн Уань хотын эрх баригчид эрүүгийн хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчилж, хувийн асрамжийн газрыг нь хаах шийдвэр гаргасан байна.  

Ли Лижюань 1996 оноос хүүхэд үрчлэн авч эхэлсэн бөгөөд 2007 онд “Хайрын тосгон” нэртэй хувийн асрамжийн газраа байгуулжээ. Тэрбээр 118 өнчин хүүхэд үрчилж авсан бөгөөд хэвлэл мэдээллүүд түүний явуулж буй үйл ажиллагааг идэвхтэй мэдээлж байсан нь түүнийг олны танил болгосон байна.
 
Цагдаа нарын мэдэгдсэнээр, асрамжийн газрын эзэн Ли Лижюань олонд танигдсаныхаа дараа буяны үйлсэд зориулсан хөрөнгийг хувьдаа завшиж эхэлсэн бөгөөд төсвөөс болон хандивлагчдаас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө авчээ. Тэрбээр асрамжийн газарт кабелийн утас татах ёстой байсан компаниас 70 мянган юань, түүнчлэн зочид буудал болон эмнэлгээс ойролцоогоор 300 мянган юань салгажээ.    
 
Мөн асрамжийн газарт байсан зарим хүүхэд эцэг эхтэй байсан бөгөөд Ли Лижюань эрх баригчдыг хуурч мэхлэн, улсаас олгох мөнгөн тэтгэмжийг авахын тулд тэдгээр хүүхдийн нэрийг ашиглаж байсан аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг