Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 7.575.000 хүн өвчилж, 417.000 хүн нас баржээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 127.000 хүн коронавирусийн халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 235 хүнээр, нас баралт 277 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Ялангуяа АНУ, Өмнөд америк, Зүүн өмнөд ази, Ойрхи дорнод, Зүүн өмнөд азийн улсууд, Пакистан, Энэтхэг зэрэг орнуудад коронавирусийн өвчлөлийн эрчтэй тархаж байна. Өмнөд Судан улс 11 сая гаруй хүн амтай бөгөөд хоёр хүн тутмын нэг нь коронавирусийн халдвар авсан байна. Мөн Азийн орнуудаас Тажикстан, Киргизстанд өвчлөл эрчтэй тархаж байна.

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын Ерөнхий захирал коронавирусийн улмаас дэлхий нийтэд байдал улам дордож байна. Иймд улс орон бүр дотороо эв нэгдэлтэй байж, дэлхий нийтээрээ хамтын хүчээр коронавирусийг даван туулна. Бид анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй гэдгийг онцгойлон анхааруулсан.

Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8.779 хүн шинээр коронавирусээр өвчилсөн. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 61-113 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэж байна. 

Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 зорчигч ирсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусдыг нь зочид буудлуудад тусгаарласан" хэмээлээ.