Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сургуулийн өмнөх боловсролын 274 байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шалгалтаар давхардсан тоогоор нийт 2860 зөрчил дутагдал илрүүлж, илэрсэн дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн нийт 1106 заалт бүхий 128 албан шаардлага, 130 заалт бүхий 30 албан даалгавар хүргүүллээ. Зөрчлийн мөрөөр Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтанд нийт 44.055.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулжээ.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдээс гадна хэд хэдэн анхаармаар зөрчлүүд байна Үүнд:

1. Боловсролын хяналтаар 109 байгууллага шалгахад нэр бүхий 32 цэцэрлэг нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй цэцэрлэгүүдийн 28 буюу 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 буюу 53 хувь нь мэргэжлийн багшгүй, 26 буюу 23 хувь туслах багшийн гэрчилгээгүй, төрийн бус өмчийн 36 буюу 50 хувь нь цэцэрлэгийн зориулалтын байргүй, 92 буюу 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбай байхгүй 37 буюу 33 хувь нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу 71 буюу 65 хувь нь хөгжим болон биеийн тамирын заалгүй байгаа нь сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин бүрдээгүй, хүний нөөц дутагдалтай байна.

2. Хамрагдсан цэцэрлэгүүдийн 93 буюу 85 хувь нь сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх ажлын үр дүнг хэлэлцэж, үнэлэлт өгөх чиглэл бүхий цэцэрлэгийн зөвлөлгүйгээс цэцэрлэгийн үйл ажиллагааг өөрийн удирдлагаар хангаагүй, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломжгүй байна.

3. Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй байгааг харуулж байна.


Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр 105 байгууллага шалгалаа

1. Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 15 хувь нь барилга байгууламж хуучирч, дээвэр, хана, дулаан, цэвэр, бохир усны сантехник, шугам хоолой, цахилгаан, агааржуулалтын систем элэгдэлд орсон, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цэцэрлэгийн эрүүл ахуй нөхцөл, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үндэстэй байна.

2. Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээн авч, анги, бүлгийн нягтрал ихэссэн, ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоос 0.5-2 дахин их байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин дамжин тархах, багш ажиллагсадын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж байна.

3. Шинээр баригдаж байгаа цэцэрлэгүүдийн газар сонголт, барилга байгууламжийн зураг төсөлд урьдчилсан хяналт хийгдэхгүй байгаагаас зайлшгүй шаардлагатай өрөө тасалгаагүй /дуу хөгжим, биеийн тамирын заал, хүнсний агуулах, ажиллагсадын ахуй хангамжийн өрөө төлөвлөгдөөгүй/, гадна эдэлбэр газаргүй, төлөвлөгдөж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.

Хүүхдийн хоол, хүнсний чанар, аюулгүй байдлын талаар:

Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн гал тогооны 20 хувь нь механик агааржуулалтын системийн үйл ажиллагаа алдагдсан, 35.6 хувьд хүнсний агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, 21 хувь нь хүнсний агуулахад зориулалтын вандан тавиургүй, 23.3 хувьд нь хоол үйлдвэрлэлийн өрөөний технологийн шат дамжлагын урсгал зохион байгуулалт 38.5 хувь нь эрүүл ахуйн зохистой дадлын сургалтанд хамрагдаагүй байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.