"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө иргэдийн дансанд орж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үнэт цаасны данстай иргэд холбуулсан дансаараа хамгийн эхлээд ногдол ашгаа хүлээн аваад байгаа юм. 

Харин үнэт цаасны дансаа нээлгээгүй иргэд  ebarimt апп-д бүртгүүлж ногдол ашгаа авах хүсэлтээ баталгаажуулах юм. Зарим иргэд нийгмийн сүлжээгээр ebarimt-д ШИНЭЭР БҮРТГЭЛ НЭЭЖ ӨГНӨ гэсэн зарын дагуу бүртгэл нээлгэж байгаатай холбогдуулан Гааль татварын мэдээллийн технологийн төвөөс мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд нийгмийн сүлжээ ашиглан бусдаар бүртгэл үүсгэх нь өөрийн хувийн мэдээллийг бусдад алдах эрсдэлтэйг сануулсан байна.  Мөн бүртгэл үүсгэх нь амар хялбар төдийгүй, хүн бүхэн үнэ төлбөргүйгээр шинээр бүртгэл үүсгэх бүрэн боломжтойг дурджээ.

Хэрхэн шинээр бүртгэл үүсгэх зааврыг butsaalt.ebarimt.mn хаягаар хандаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хэрэв та нэвтрэх нэр нууц үгээ мартсан бол бүртгэлтэй утасны дугаараас 131313 тусгай дугаарт “?” тэмдэгт илгээснээр нэвтрэх нэр нууц үгээ авах боломжтой.


Магадгүй бүртгэлтэй утас болон цахим шуудангаа ашиглах боломжгүй бол Улаанбаатар хотод Гааль Татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, Дүнжингарав, Драгон, Мишээл төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, хөдөө орон нутагт бол харьяа татварын албандаа хандана уу.