НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, 1981 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэ оны 12 сарын 03-ны өдрийг НҮБ-аас “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх нийтэд уриалсан. 

Энэ өдрийг тохиолдуулан ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нээлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч эзэд, ААНБ-ын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой “Хүртээмжтэй ирээдүй-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол улсад Европын холбооны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх “SECiM”төсөл, Жайка ОУ-ын байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл”, ХБИБ-ууд хамтран зохион байгуулж оролцлоо. ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах “Career Expo” арга хэмжээг 2018 онд анх удаа зохион байгуулсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажил олгогчидтой холбон зуучилж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 40 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байна. 

Энэ удаагийн “Хүртээмжтэй Ирээдүй-2019”өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил мэргэжлийн чиг баримжаатай болж, зөвлөгөө мэдээллээр хангагдсан байх, ажил олгогч, ААНБ-ууд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдлэгтэй болсон байх, арга хэмжээнд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй идэвхтэй ажил хайж буй иргэдийн 60 орчим хувь нь байнгын ажлын байранд зуучлагдсан байх зэрэг үр дүнд хүрэхийг зорьж байгаа билээ.

Энэхүү өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэг удаа зохиогдох арга хэмжээ биш юм. ХБХХЕГазар ажил идэвхитэй хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бүртгэж, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчидтой холбон зуучлах ажлыг тасралтгүй зохион байгуулж буй.

Сонирхуулахад  105.5 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний 30 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Тэдний 92.5 хувь нь15 ба түүнээс дээш насны иргэн байна. Хүйсийн хувьд 60 орчим хувь нь эмэгтэйчүүд аж.