Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар болон бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.Уулзалтаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, Эмээлтийн болон Налайхын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлэх, 100 мянган айлын орон сууц барих болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцов.Уулзалтын үр дүнд хотын Захирагч С.Амарсайхан, БХБ-ын сайд Х.Баделхантай хот байгуулалт, орон сууц, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд болох 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр болон 972 айлын орон сууцны ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр саналаа нэгтгэж, ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

100 мянган айлын орон сууцыг барих нь Нийслэлийн төдийгүй Монгол улсын хувьд үнэхээр чухал асуудал. Маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Зарим нь тооцоо судалгаатай,  зарим нь судалгаа тооцоогүй. Бид Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг гаргаад ажиллаж  байна. Үүнтэй 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй.Хотын асуудлыг хот дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Тийм учраас УИХ, Засгийн газартай хамтарч, тулгамдсан асуудал болох эрх зүй, эдийн засаг, аж ахуй, дэд бүтцийн асуудлууд дээр бодлого үйл ажиллагаагаа нэгтгээд ажиллах нь чухал байна.100 мянган айлын орон сууцыг барихын тулд одоо чөлөөлөгдсөн газраа ашиглах, цаашлаад нөхөн төлбөр олгож иргэдээс газрыг авах, дээр нь хотоос зайдуу газруудад байгальд ээлтэй дэд бүтцийг нь бий болгож орон сууц барих зэрэг олон хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой" гэв.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

“100 мянган айлын орон сууцны хөтөлбөр дээр манай яам, хотын захиргаатайгаа хамтраад маш хурдан ажиллах хэрэгтэй. Үүнтэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдтай уулзаад асуудлаа бэлдэж тавиад шийдүүлэх зөв юм. Хоёр талаас нийлээд өргөн хүрээнд ажиллах Ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхбаатараар ахлуулан  байгуулъя. Энэ ажлын хэсэг тодорхой төлөвлөгөө гарган ажлаа хэрэгжүүлээд Ерөнхий сайдад танилцуулья. Дараагийн шийдвэрлэх ёстой асуудал бол цэвэрлэх байгууламжийн асуудал юм. Бид шинэ цэвэрлэх байгууламж барихаар гэрээгээ байгуулж, компаниа сонгосон байгаа. Энэ бол урт хугацааны асуудал. Ойрын хугацаанд цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажил хийгдэж байгаа. Технологийн горим алдагдсан гээд байгаа усгүйжүүлэх төхөөрөмжийн тендерийг зарласан, суурилуулж байгаа. Ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулна, ингэсгээр цэвэрлэх байгууламжаас үнэртдэг лагийн үнэр харьцангуй багасна” гэв.