Нийслэлд 2018 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 104 байршлын 1914 нэгж талбарын 234 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дуусгалаа.

Сургууль, цэцэрлэг:

Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 17 байршилд 10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газарт нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг бүрэн хийлээ. Ингэснээр нийт 6640 хүүхэд сургуультай, 4175 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.

Авто зам, замын байгууламж:

Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд нийт 27 км авто замын газар чөлөөлөлтийг бүрэн хийлээ.

Дэд төв:

"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн авто замын, инженерийн шугам сүлжээ, цэцэрлэг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга байгууламжийн талбайд өртсөн газрыг чөлөөлж байна. Уг ажлын хүрээнд нийт 910 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажил 93 хувьтай байна.

Гүүрэн байгууламж:

Яармагийн гүүрний олон түвшний уулзвар, Сонсголонгийн гүүр, Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий уулзвар зэрэг нийт 4.2 км урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дууслаа гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.