Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулсан боловч өдийг хүртэл хийгдэхгүй байсныг Хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 09-ний өдөр тухайн газар дээр очиж ажиллан, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулж, Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт цогцолбор барихад зориулан яаралтай шийдвэрлэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өгсөний дагуу ажил есдүгээр сарын 20-ны өдөр эхэлж, эрчимтэй хийгдэж байна.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр спорт цогцолбор байгуулах ажлын явцыг очиж шалгалаа. Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгдэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс арваннэгдүгээр сарын сүүлээр эхний хөлбөмбөгийн талбай, сагсанбөмбөгийн талбай ашиглалтад орно. Ирэх хавраас гүйлтийн зам болон бусад ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна гэв.